ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
MG Quant SaaS Платформ • Хүчин төгөлдөр огноо: 2026 оны 09 дүгээр сарын 01 • Шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 05 • Гэрээний хувилбар: 2026-10-07
1ЕРӨНХИЙ ЗҮЙЛ БА НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
1.1. Баримт бичгийн зорилго: Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид «Нөхцөл» гэх) нь MCGTO Soft Trading LLC-ийн эзэмшлийн MG Quant платформ (цаашид «Платформ», «Систем», «Компани», «Бид» гэх) болон тус платформын үйлчилгээг ашиглаж буй 18 нас хүрсэн хувь хүн (цаашид «Хэрэглэгч», «Захиалагч» гэх)-ийн хооронд үүсэх харилцаа, эрх үүрэг, хариуцлагын хязгаарлалт, төлбөр тооцоо, цуцлалт болон буцаан олголтын журмыг зохицуулна. Үйлчилгээг зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглаж буй Хэрэглэгч нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3.1.1-д заасан хэрэглэгч бөгөөд уг хуулиар олгосон эрхийг энэхүү Нөхцөл хязгаарлахгүй; хуулийн этгээд Компанитай тусад нь гэрээ байгуулна (Хэрэглэгчийн гэрээний 1.9). Цуцлалт ба буцаан олголтын бодлого нь энэхүү Нөхцөлийн 2, 4 дүгээр хэсгийг дэлгэрүүлэн тайлбарласан баримт бичиг бөгөөд хоорондоо зөрвөл энэхүү Нөхцөлийг баримтална. Энэхүү Нөхцөл нь Хэрэглэгч имэйл хаягаа баталгаажуулсны дараа Компанитай байгуулдаг Хэрэглэгчийн гэрээний салшгүй хэсэг (Хавсралт 1) бөгөөд хоорондоо зөрвөл Хэрэглэгчийн гэрээг баримтална.
1.2. Брэндийн нэршил ба мөн чанар:
- `mg` (Management / Modules): MCGTO Soft Trading LLC байгууллагын нэршил, хэрэглэгчийн удирдлагын менежмент, модульчлагдсан дэд бүтэц, аюулгүй байдлын хяналтыг илэрхийлнэ.
- `quant` (Quantitative Trading Technology): Математик загварчлал, алгоритмд суурилсан автомат арилжааны гүйцэтгэх системийг илэрхийлнэ.
- MG Quant: Хэрэглэгч өөрийн компьютер дээр суулгаж, өөрийн MetaTrader 5 терминал, өөрийн нэр дээрх брокерийн данстай холбон ажиллуулдаг, XAU/USD (Алт)-ны арилжааг урьдчилан тогтоосон дүрмээр хийдэг програм хангамж (лиценз) юм. Арилжааны шийдвэрийг програм Хэрэглэгчийн компьютер дээр гаргаж, Хэрэглэгчийн терминалаар захиалга илгээнэ; Платформын сервер хөдөлгүүрт зөвхөн зах зээлийн үнийн мэдээлэл, лицензийн баталгаажуулалтыг дамжуулж, хөдөлгүүр Платформд зөвхөн Хэрэглэгчийн гэрээний 2.5-д заасан техникийн мэдээллийг илгээнэ (7.2). Програмыг зөвхөн албан ёсны download.mg-quant.tech хаягаас татаж авна (6.4). MG Quant брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх биш бөгөөд арилжааны дохионы үйлчилгээ үзүүлэхгүй. Платформ нь зөвхөн XAU/USD алтны зах зээлд зориулагдсан бөгөөд криптовалютын арилжаа огт эрхлэхгүй.
1.3. Үйлчилгээ ба захиалгын багц: «Үйлчилгээ» гэдэг нь MG Quant хөдөлгүүр (Хэрэглэгч өөрийн компьютер дээр суулгаж, MetaTrader 5 (MT5) терминалтай холбон ажиллуулдаг mg-quant-engine desktop програм), вэб хяналтын самбар (Dashboard) болон Платформын төвлөрсөн зах зээлийн мэдээллийн урсгалыг (market data feed) хамтад нь хэлнэ. «Захиалгын багц» (цаашид «багц» гэх) гэдэг нь Үйлчилгээг 30 хоногийн (сарын багц), 90 хоногийн (90 хоногийн багц) эсвэл 365 хоногийн (жилийн багц) хугацаанд ашиглах эрхийг (лиценз) олгох захиалга бөгөөд багцууд, тэдгээрийн үнэ, хязгаарыг 3 дугаар хэсэгт заасны дагуу тогтооно.
1.4. Шууд төлбөр, үлдэгдэлгүй: Хэрэглэгч сонгосон багцынхаа нэг хугацааны төлбөрийг 2 дугаар хэсэгт заасан аргаар шууд төлнө. Платформ Хэрэглэгчээс урьдчилсан төлбөр, үлдэгдэл, хадгаламж, цахим мөнгө хүлээн авч хадгалдаггүй бөгөөд Платформ дээр мөнгө цэнэглэх, хуримтлуулах, татан авах боломж байхгүй: төлбөр бүр нэг багцын нэг хугацааг худалдан авна. Багц нь тухайн Хэрэглэгчийн бүртгэлд хамаарах бөгөөд түүнийг бусад хэрэглэгчид шилжүүлэх, худалдах, бэлэглэх боломжгүй.
2ТӨЛБӨР ТООЦОО, ТӨЛБӨРИЙН АРГА БА АВТОМАТ СУНГАЛТ
2.1. Төлбөр төлөх нөхцөл: Багцын төлбөр төлөхөд Хэрэглэгч Хэрэглэгчийн гэрээний хүчин төгөлдөр хувилбарыг байгуулсан, бүртгэлийн имэйл хаягаа баталгаажуулсан (бүртгүүлэх үед илгээсэн холбоосоор; Google эсвэл Apple-ээр нэвтэрсэн бүртгэлийн имэйл, түүний дотор Apple-ийн «Hide My Email» дамжуулах хаяг баталгаажсанд тооцогдоно) байх шаардлагатай; имэйл хаяг баталгаажаагүй бол багцын төлбөр төлөх, MG Quant хөдөлгүүр ажиллуулах боломжгүй. Бүртгүүлэх болон Хэрэглэгчийн гэрээ байгуулахдаа Хэрэглэгч 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай гэдгээ мэдэгдэх бөгөөд хувийн мэдээллийн баталгаажуулалт хүсээгүй бол Бид энэ мэдэгдэлд тулгуурлана. Хувийн мэдээллийн баталгаажуулалт (KYC; Монгол Улсын иргэн ДАН-аар, бусад нь Sumsub-аар) анхдагчаар шаардлагагүй бөгөөд Бид зөвхөн дараах тохиолдолд хүснэ: (а) Бид хүссэн (тусламж, маргаан, хууль тогтоомж эсвэл эрх бүхий байгууллагын шаардлага); (б) ер бусын, сэжигтэй үйлдэл (жишээ нь нэг хүн олон бүртгэлтэй, угтах урамшууллыг зүй бусаар ашигласан, залилангийн шинж); (в) буцаан олголтыг төлбөр ирсэн данснаас өөр банкны данс руу шилжүүлэх шаардлагатай (4.4, 4.6); (г) сүүлийн 365 хоногт төлсөн багцын төлбөрийн нийт дүн 5,000,000 төгрөгөөс давах; (д) төлбөрийг буцаалгасан, маргаж цуцлуулсан (reversal, chargeback). Энэ тухай Хэрэглэгчид имэйлээр мэдэгдэх бөгөөд KYC батлагдах хүртэл Хэрэглэгч багцын төлбөр төлөх, хөдөлгүүрийг эхлүүлэх боломжгүй (нээлттэй позицуудыг үргэлжлүүлэн удирдана). Хэрэглэгч KYC-г сайн дураараа хийлгэж болно. Хэрэглэгч зөвхөн өөрийн хууль ёсоор ашиглах эрхтэй төлбөрийн карт, банкны данснаас төлбөр төлнө.
2.2. Үнэ ба валют (Монгол Улсын хуулийн зохицуулалт):
- Зөвхөн төгрөгөөр: Компани Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тул Монгол Улсын «Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль»-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу («Монгол Улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр гүйцэтгэнэ») багцын үнийг зөвхөн төгрөгөөр (MNT) тогтоож, бүх төлбөрийг — картаар, QPay-ээр, банкны шилжүүлгээр болон автомат сунгалтаар — Хэрэглэгч аль улсаас хандсанаас үл хамааран төгрөгөөр авна. Компани төлбөр хүлээн авахад гадаад валютын данс ашиглахгүй. Багцын үнийг 3.2, 3.9-д заасны дагуу тогтооно.
- Ам.долларын ойролцоо дүн: Монгол Улсаас бусад газраас (IP хаягийн улсаар тодорхойлсон) хандсан Хэрэглэгчид төгрөгийн үнийн ам.доллар дахь ойролцоо дүнг тухайн өдрийн Монголбанкны албан ханшаар зөвхөн мэдээллийн зорилгоор харуулна. Энэ дүн нь үнэ биш бөгөөд төлөх дүнд нөлөөлөхгүй; гадаадын карт гаргагч банк төгрөгийн дүнг өөрийн ханш, шимтгэлээр хөрвүүлж болно.
- Төлөх дүн: Төлөх төгрөгийн дүнг төлбөр хийхээс өмнө Хэрэглэгчид харуулах бөгөөд тухайн төлбөрийн хувьд өөрчлөгдөхгүй. Автомат сунгалтын (2.4) төлбөрийг тухайн үеийн төгрөгийн үнээр (3.9-д заасан үнийн өөрчлөлтийн мэдэгдлийг харгалзан) суутгана.
- Банкны шилжүүлэг: манай байгууллагын төгрөгийн харилцах данс руу төгрөгөөр шилжүүлнэ.
2.3. Төлбөрийн арга: Хэрэглэгч багцын төлбөрийг дараах аргаар төлнө: (а) карт — NEGDI (Negdi.mn) төлбөрийн гарцын аюулгүй (3-D Secure) хуудсаар; (б) QPay — NEGDI төлбөрийн гарцаар; (в) банкны шилжүүлэг — Платформын төлбөрийн цонхонд заасан MCGTO Soft Trading LLC-ийн Худалдаа хөгжлийн банк (ХХБ) дахь харилцах данс руу (2.7). Картын дугаар, CVV кодыг Хэрэглэгч зөвхөн NEGDI-ийн хуудсанд оруулдаг тул Платформ тэдгээрийг хүлээн авдаггүй, хадгалдаггүй. Аль ч төлбөрийн аргад Платформ нэмэлт шимтгэл авахгүй.
2.4. Картаар төлөх ба автомат сунгалт (давтамжтай суутгал):
- Зөвшөөрөл: Картаар төлөхдөө Хэрэглэгч төлбөрийн цонхны «автомат сунгалт» сонголтыг өөрөө тэмдэглэснээр (анхдагчаар тэмдэглээгүй) Бидэнд (i) картыг нь NEGDI-д хадгалуулах (токенжуулах), (ii) дараагийн хугацаа бүрийн төлбөрийг тухайн картаас суутгал бүрт Хэрэглэгчээс дахин баталгаажуулалт авалгүйгээр автоматаар суутгах зөвшөөрөл олгоно. Уг сонголтыг тэмдэглээгүй бол зөвхөн тухайн нэг хугацааны төлбөр төлөгдөж, карт хадгалагдахгүй бөгөөд автомат сунгалт унтраалттай байна. Хэрэглэгч өмнө нь хадгалсан картаараа автомат сунгалтыг хяналтын самбараас дараа нь асааж болох бөгөөд энэ тохиолдолд мөн адил зөвшөөрөл үйлчилнэ.
- Хадгалах мэдээлэл: Картын мэдээллийг NEGDI хадгална. Платформ зөвхөн NEGDI-ийн олгосон токены дугаар, далдалсан картын дугаар, картын төрөл, хүчинтэй хугацаа, карт гаргагч банкны нэрийг хадгална.
- Суутгах хугацаа ба дүн: Автомат сунгалт асаалттай үед одоогийн хугацаа дуусахаас ойролцоогоор нэг цагийн өмнө дараагийн хугацааны төлбөрийг хадгалсан картаас суутгана. Суутгах дүн нь дараагийн хугацааны багц, төлбөрийн хугацааны (сар, 90 хоног эсвэл жил) үнэ (одоогийн багц, эсвэл 3.6-д заасны дагуу Хэрэглэгчийн сонгосон багц; үнэ өөрчлөгдсөн бол 3.9-д заасны дагуу) бөгөөд тухайн үеийн төгрөгийн үнээр суутгана (2.2). Эхний төлбөрөөс хойших автомат суутгалыг 3-D Secure баталгаажуулалтгүйгээр хийнэ.
- Үргэлжлэх хугацаа: Хэрэглэгч автомат сунгалтыг унтраах эсвэл картаа устгах хүртэл хугацаа бүрт суутгана. Хэрэглэгч хяналтын самбараас автомат сунгалтыг хүссэн үедээ унтрааж, хадгалсан картаа устгаж болно; энэ нь дараагийн суутгалаас эхлэн үйлчлэх бөгөөд аль хэдийн төлсөн хугацааг богиносгохгүй (4.1).
- Мэдэгдэл: Суутгал бүрийн дараа имэйлээр баримт илгээнэ. Автомат сунгалтын суутгах огноо, дүнг суутгахаас өмнө имэйлээр мэдэгдэнэ: сарын багцыг 3 хоногийн, 90 хоногийн болон жилийн багцыг 7 хоногийн өмнө. Мэдэгдэл бүрт автомат сунгалтыг нэг товшилтоор унтраах холбоос байна.
2.5. Автомат суутгал амжилтгүй болбол: Карт татгалзсан, хаагдсан, хугацаа нь дууссан, эсвэл хадгалсан карт байхгүй зэргээр автомат суутгал амжилтгүй болбол Бид Хэрэглэгчид имэйлээр мэдэгдэж, хугацаа дууссанаас хойш 1 хоногийн дараа, дахин амжилтгүй бол хугацаа дууссанаас хойш 3 хоногийн дараа картаас дахин суутгахыг оролдоно. Төлбөр амжилттай суутгагдах хүртэл багц хугацаа дууссан мөчөөс эхлэн идэвхгүй байна; дахин оролдлого амжилттай болбол шинэ хугацаа тухайн суутгал хийгдсэн мөчөөс эхэлнэ. Сүүлийн оролдлого амжилтгүй болбол автомат сунгалт унтарч, Хэрэглэгч дахин төлбөр төлөх хүртэл багц идэвхгүй хэвээр байна.
2.6. QPay болон банкны шилжүүлгээр төлөх: QPay болон банкны шилжүүлгээр хийсэн төлбөр бүр багцын нэг хугацааг төлөх бөгөөд эдгээр аргаар дараагийн хугацааны төлбөрийг автоматаар суутгахгүй: Хэрэглэгч багцаа сунгахын тулд дахин төлбөр төлөх, эсвэл хадгалсан картаараа автомат сунгалт асаана (2.4). Автомат сунгалт унтраалттай багцын хувьд Бид хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө төлбөр төлөх холбоостой сануулга имэйлээр илгээнэ.
2.7. Банкны шилжүүлэг:
- Банкны шилжүүлгээр төлөхөөр сонгоход Платформ төлбөрийн захиалга үүсгэж, хүлээн авах данс, төлөх дүн ба валют, тухайн захиалгын төлбөрийн код-ыг (жишээ нь MG7K3Q9D2A) харуулна. Хэрэглэгч гүйлгээний утгад зөвхөн уг кодыг бичиж, харуулсан дансанд, харуулсан валютаар, харуулсан дүнгээс багагүй мөнгө шилжүүлнэ. Хэрэглэгчийн банк болон зуучлагч банкны шимтгэлийг Хэрэглэгч хариуцах бөгөөд манай дансанд орох дүн төлөх дүнгээс багагүй байна.
- Захиалга 3 хоногийн турш нээлттэй харагдана; уг хугацааны дараа орж ирсэн, захиалгын кодтой шилжүүлгийг ч, Хэрэглэгч захиалгаа цуцлаагүй бол, захиалгад заасан үнээр тооцно. Хэрэглэгч төлөгдөөгүй нээлттэй захиалгаа цуцалж болно.
- Платформ ХХБ-ны дансны хуулгыг ойролцоогоор 20 минут тутамд автоматаар, мөн Хэрэглэгч төлбөрийн цонхноос шалгуулах бүрд шалгаж, кодоор тодорхойлогдсон шилжүүлгийг тухайн захиалгад нэг удаа тооцно. Багц нь шилжүүлэг дансны хуулгад тусаж, захиалгатай тулгагдсаны дараа идэвхжинэ.
- Төлөх дүнгээс илүү шилжүүлсэн бол багц идэвхжих бөгөөд илүү дүнг 4.3-т заасны дагуу буцаан олгоно.
2.8. Автоматаар тооцогдоогүй төлбөр: Дараах төлбөр багцыг автоматаар идэвхжүүлэхгүй бөгөөд түүнийг ажилтан шалгаж шийдвэрлэнэ: (а) төлбөрийн кодгүй, эсвэл танигдахгүй кодтой шилжүүлэг; (б) төлөх дүнгээс бага, эсвэл өөр валютаар (өөр валютын дансанд) орсон шилжүүлэг; (в) аль хэдийн төлөгдсөн эсвэл цуцлагдсан захиалгын кодтой шилжүүлэг; (г) NEGDI-ийн баталгаажуулсан мэдээлэл (дүн, захиалгын дугаар гэх мэт) захиалгатай тохирохгүй карт, QPay-ийн төлбөр. Ажилтан ийм төлбөрийг Хэрэглэгчийн захиалгад тооцож багцыг идэвхжүүлэх, эсвэл 4.3–4.5-д заасны дагуу буцаан олгоно.
2.9. Багц идэвхжих ба баримт: Багц нь төлбөр Платформд баталгаажсан мөчид (карт, QPay: NEGDI төлбөрийг баталгаажуулахад; банкны шилжүүлэг: 2.7-д заасны дагуу тулгагдахад) идэвхжих бөгөөд тухайн төлбөрөөр олгох хугацааг энэ мөчид 3.6-д заасны дагуу тооцно. Төлбөр хүлээн авч, багц идэвхжсэн тухай Хэрэглэгчид имэйлээр мэдэгдэх бөгөөд төлбөрийн түүхийг Платформын «Төлбөр» (Billing) хуудаснаас харж болно.
3ЗАХИАЛГЫН БАГЦ, ҮНЭ БА ХЯЗГААР
3.1. Төлбөрийн мөн чанар: MG Quant нь Үйлчилгээг (1.3) 30, 90 эсвэл 365 хоногийн хугацаа тутамд багцын үнээр (3.2) захиалгаар олгоно. Багцын төлбөр нь зөвхөн програм хангамжийг ашиглах эрх (лиценз) болон Үйлчилгээг ашиглах боломжийн төлбөр бөгөөд арилжааны үр дүнтэй холбоогүй. Платформ арилжаа тутамд, арилжааны ашгаас эсвэл арилжааны дансны хэмжээнээс хамааруулан аливаа шимтгэл, хураамж авахгүй бөгөөд арилжаа ашигтай, алдагдалтай гарсан эсвэл огт арилжаа хийгдээгүй эсэхээс үл хамааран багцын төлбөр өөрчлөгдөхгүй.
3.2. Багцууд ба үнэ:
Багцуудын нэр, үнэ, бодит MT5 дансны тоо, бодит дансны сарын лотын хязгаар, дэмжлэгийн түвшин, угтах урамшуулал (3.5) болон багцыг худалдаалж буй эсэхийг Компани тохируулж, өөрчилж болно (3.9). Хүчин төгөлдөр багц, үнэ, хязгаар нь худалдан авах үед Платформын үнийн хуудас болон төлбөрийн цонхонд харуулсан нь байх бөгөөд төлсөн хугацааг худалдан авах үед харуулсан нөхцөлөөр зохицуулна. Энэхүү хувилбарын огнооны байдлаарх багцуудыг мэдээллийн зорилгоор доор харуулав (бүх үнэ төгрөгөөр — 2.2):
- Test — сард 17,900 ₮, 90 хоногт 44,750 ₮, жилд 179,000 ₮: зөвхөн MT5-ын демо данс (бодит дансаар арилжаа хийхгүй). Имэйлээр дэмжлэг үзүүлнэ.
- Basic — сард 55,800 ₮, 90 хоногт 139,500 ₮, жилд 558,000 ₮: демо болон бодит данс; нэг зэрэг 1 бодит MT5 данс; бодит дансанд нээх арилжааны нийт хэмжээ хуанлийн сард 5 лот хүртэл. Имэйлээр дэмжлэг үзүүлнэ.
- Pro — сард 139,500 ₮, 90 хоногт 348,750 ₮, жилд 1,395,000 ₮: нэг зэрэг 3 хүртэл бодит MT5 данс; бодит дансанд хуанлийн сард 25 лот хүртэл. Тэргүүн ээлжийн дэмжлэг (Telegram).
- Advanced — сард 279,000 ₮, 90 хоногт 697,500 ₮, жилд 2,790,000 ₮: нэг зэрэг 5 хүртэл бодит MT5 данс; бодит дансанд хуанлийн сард 100 лот хүртэл. VIP дэмжлэг, түүний дотор тохиргоонд ганцаарчилсан (1:1) туслалцаа.
Энэхүү Нөхцөлд «сар» гэдэг нь 30 хоног, «90 хоног» гэдэг нь 90 хоног, «жил» гэдэг нь 365 хоногийн хугацаа юм. Одоогийн байдлаар 90 хоногийн багцын үнэ нь сарын багцын үнийн 2.5 дахин (90 хоногийг 2.5 сарын үнээр), жилийн багцын үнэ нь 10 дахинтай тэнцүү (365 хоногийг 10 сарын үнээр) бөгөөд хязгаар, боломж нь сарын багцтай адил. Демо болон тэмцээний дансны арилжаа бүх багцад хязгааргүй бөгөөд лотын хязгаарт хэзээ ч тооцогдохгүй.
Нэг удаагийн «VPS тохируулах» үйлчилгээ нь багц биш, тусдаа нөхцөлтэй (/vps) бөгөөд идэвхтэй Advanced багцтай болон аль ч багцын эхний төлбөртэй сард (анхны төлбөрөөс хойш 30 хоногийн дотор) үнэгүй.
3.3. Сарын лотын хязгаар (бодит данс): MG Quant хөдөлгүүрээр бодит дансанд нээгдсэн арилжааны лотыг (позиц нээх үеийн захиалгын хэмжээ) Улаанбаатарын цагаар (UTC+8) хуанлийн сар бүрээр нэгтгэн тооцох бөгөөд хязгаар сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагт шинэчлэгдэнэ; 90 хоногийн болон жилийн багцад мөн хуанлийн сар бүрээр тооцно. Хязгаар дуусмагц хөдөлгүүр дараагийн сар эхлэх эсвэл Хэрэглэгч дээд багц руу шилжих хүртэл бодит дансанд шинэ арилжаа нээхгүй; аль хэдийн нээгдсэн позицуудыг үргэлжлүүлэн удирдана (stop-loss, take-profit, позиц хаах). Хязгаарт хүрэх үед нээгдэж байсан арилжааны улмаас нийт хэмжээ хязгаараас бага зэрэг хэтэрч болно.
3.4. Бодит MT5 данс: Бодит MT5 дансыг MG Quant хөдөлгүүр анх ашиглах үед багцын зөвшөөрсөн тоонд багтаан тухайн дансыг захиалгад автоматаар холбоно. Хэрэглэгч өөр данс ашиглахын тулд хяналтын самбараас холбогдсон дансаа салгаж болно. Багцын зөвшөөрснөөс илүү бодит данс, эсвэл Test багц, үнэгүй туршилттай (3.10) үед аливаа бодит данс ашиглагдвал Хэрэглэгч хяналтын самбар дээр танилцсанаа баталгаажуулах (acknowledge), дансаа салгах эсвэл тохирох багцын төлбөр төлөх хүртэл хөдөлгүүр шинэ арилжаа нээхгүй. Бодит данс цөөн зөвшөөрдөг багц руу дараагийн хугацаанаас (3.6) шилжихэд хамгийн сүүлд ашигласан данснууд шинэ багцын хязгаарт багтан холбогдсон хэвээр үлдэнэ.
3.5. Угтах урамшуулал (Welcome Offer): Хэрэглэгч угтах урамшуулалтай гэж үнийн хуудсанд заасан багцын (одоогоор Basic, Pro, Advanced) сарын хугацааг анх удаа төлөхөд 30 хоногийг нэмж үнэгүй олгоно («1 сар төлбөл +1 сар үнэгүй»). Энэхүү урамшууллыг нэг Хэрэглэгчид зөвхөн нэг удаа олгоно. 90 хоногийн, жилийн багц болон Test багцад урамшуулал олгохгүй бөгөөд эдгээрийг эхэлж төлсөн, эсвэл үнэгүй туршилт (3.10) авсан нь урамшуулал авах эрхийг дуусгахгүй. Угтах урамшуулал урилгын урамшуулалтай (3.11) давхцахгүй. Компани урамшууллыг өөрчлөх, зогсоож болох бөгөөд энэ нь аль хэдийн олгосон хоногт нөлөөлөхгүй.
3.6. Худалдан авалт ба багц солих: Төлбөр бүр сонгосон багц, төлбөрийн хугацааны (сар, 90 хоног эсвэл жил) нэг бүтэн хугацааны үнэ (ахиулалтад — доор заасан зөрүү) байх бөгөөд тухайн төлбөрөөр олгох хугацааг төлбөр орж ирэх үед (2.9) дараах байдлаар тооцно:
- идэвхтэй багцгүй, эсвэл үнэгүй туршилт (3.10) үргэлжилж байх үед багц тэр даруй эхэлж, 30, 90 эсвэл 365 хоног (угтах урамшуулал хамаарах бол нэмж 30 хоног) үргэлжилнэ; туршилт тэр мөчид дуусч, түүний үлдсэн хоног шилжихгүй;
- идэвхтэй багцаа ижил төлбөрийн хугацаагаар (сар, 90 хоног эсвэл жил) дахин төлбөл одоогийн хугацааны төгсгөлд шинэ хугацаа нэмэгдэнэ;
- идэвхтэй багцаас дээд багц руу, эсвэл урт төлбөрийн хугацаа руу (сараас 90 хоног эсвэл жил рүү, 90 хоногоос жил рүү) ахиулахад Хэрэглэгч зөвхөн зөрүүг төлнө: төлөх дүн нь шинэ багцын шинэ хугацааны үнээс (шинэ багцын өдрийн үнээр) одоогийн хугацааны ашиглаагүй хэсгийн үнэ цэнийг (үлдсэн хоног × одоогийн хугацааны өдрийн үнэ) хассантай тэнцүү; өдрийн үнэ нь хугацааны үнийг 30 (сар), 90 эсвэл 365 (жил) хоногт хуваасантай тэнцүү бөгөөд одоогийн хугацааных нь Хэрэглэгчийн төлсөн үнээр тооцогдоно. Шинэ хугацаа нь ижил төлбөрийн хугацаатай ахиулалтад одоогийн дуусах огноо хүртэл, гэхдээ ахиулснаас хойш дор хаяж 30 хоног, урт төлбөрийн хугацаа руу шилжихэд ахиулснаас хойш шинэ хугацааны бүтэн хоног (90 эсвэл 365) байна. Дүнг 100 төгрөгт дээш тоймлох бөгөөд хамгийн багадаа 1,000 төгрөг; тоймлолтоор илүү төлсөн хэсэг нь шинэ багцын нэмэлт хугацаа болно. Жишээ нь одоогийн үнээр сарын Basic багцын 20 хоног үлдсэн үед сарын Pro руу ахиулахад 139,500 − 37,200 = 102,300 төгрөг төлж, Pro багц 30 хоног ажиллана; жилийн Basic багцын 300 хоног үлдсэн үед жилийн Pro руу ахиулахад 688,000 төгрөг төлж, дуусах огноо хэвээр үлдэнэ. Шинэ багц төлбөр орж ирмэгц тэр даруй эхэлж, хугацааг төлбөр орж ирэх үеийн ашиглаагүй үнэ цэнэ болон төлсөн дүнгээр тооцно (төлбөр хожуу орж ирвэл хугацаа тэр хэмжээгээр уртсана). Угтах урамшуулал хамаарах бол нэмж 30 хоног олгоно. Картаар автоматаар сунгагддаг бол дараагийн сунгалтад шинэ багцын бүтэн үнийг суутгана.
Идэвхтэй багцыг багасгахгүй. Багц идэвхтэй байх хугацаанд түүнийг зөвхөн томруулж (дээд багц руу, эсвэл урт төлбөрийн хугацаа руу) болно; доод багц руу, мөн богино төлбөрийн хугацаа руу (жилээс 90 хоног эсвэл сар руу, 90 хоногоос сар руу; дээд багц руу шилжих үед ч) шилжүүлэх боломжгүй бөгөөд ийм өөрчлөлт зөвхөн дараагийн хугацаанаас хэрэгжинэ:
- картаар автоматаар сунгагддаг багцын хувьд Хэрэглэгч дараагийн сунгалтад өөр багц эсвэл төлбөрийн хугацааг (жишээ нь доод багц, эсвэл өөр төлбөрийн хугацаа) хяналтын самбараас сонгож болох бөгөөд энэ нь дараагийн автомат суутгалаас эхлэн хэрэгжиж, сонгосон багц, төлбөрийн хугацааны үнийг суутгана; одоогийн хугацаа хэвээр үргэлжилнэ;
- QPay эсвэл банкны шилжүүлгээр төлдөг, эсвэл автомат сунгалтаа унтраасан Хэрэглэгч одоогийн хугацаа дууссаны дараа хүссэн багц, төлбөрийн хугацаагаа сонгож төлнө;
- идэвхтэй багцаас доогуур багцын (эсвэл идэвхтэй багцаас богино төлбөрийн хугацааны) төлбөр идэвхтэй багц эхэлснээс хойш орж ирвэл (жишээ нь дээд багц руу шилжихээс өмнө үүсгэсэн банкны шилжүүлгийн захиалга) идэвхтэй багцыг багасгахгүй: төлсөн дүнг одоогийн хугацааны өдрийн үнээр хоног болгон одоогийн багцын хугацааг сунгана.
Компани өөрийн үзэмжээр (жишээ нь нөхөн олговор болгон) Хэрэглэгчид багцын хоног үнэгүй олгож болно. Ийм хоног болон урилгын урамшуулал (3.11) нь үнэгүй туршилтыг дуусгаж, багцын энгийн хугацаа болно.
3.7. Идэвхтэй багцгүй үед: Идэвхтэй багц байхгүй (огт төлөөгүй, хугацаа нь эсвэл үнэгүй туршилт дууссан) эсвэл 3.4-т заасны дагуу шинэ арилжаа нээх нь хаагдсан үед MG Quant хөдөлгүүр аль ч дансанд шинэ арилжаа нээхгүй; аль хэдийн нээгдсэн позицуудыг үргэлжлүүлэн удирдана (stop-loss, take-profit, позиц хаах).
3.8. Амжилтын шимтгэлээс шилжих зохицуулалт (Transition): Арилжааны ашгаас High-Water Mark зарчмаар тооцдог байсан амжилтын шимтгэлийг 2026 оны 9-р сарын 28-ны өдрөөс эхлэн зогсоосон. Өмнөх загварын дагуу төлөгдөөгүй үлдсэн амжилтын шимтгэл («шимтгэлийн өр»)-өөс Хэрэглэгчийг бүрэн чөлөөлж, уг өрийг хүчингүй болгосон бөгөөд түүнийг нэхэмжлэхгүй. Уг өдрөөс өмнө суутгагдсан шимтгэлд энэхүү өөрчлөлт хамаарахгүй.
3.9. Багц, үнийн өөрчлөлт ба Хэрэглэгчийн төлсөн хугацааны хамгаалалт:
- Хязгаар: Багцын хязгаарыг (бодит MT5 дансны тоо, сарын лотын хязгаар, бодит дансаар арилжаа хийх боломж) бууруулсан өөрчлөлт нь идэвхтэй захиалгатай Хэрэглэгчид зөвхөн түүний дараагийн төлбөртэй хугацаанаас эхлэн үйлчилнэ; хязгаарыг нэмэгдүүлсэн өөрчлөлт тэр даруй үйлчилнэ.
- Үнэ нэмэгдэх: Үнийн өсөлт шинэ худалдан авалтад тэр даруй үйлчилнэ. Ижил багц, ижил төлбөрийн хугацааны картын автомат сунгалтад үнийн өсөлт уг өөрчлөлт хийгдсэнээс хойш 30 хоногийн дараа үйлчилнэ. Өөрчлөлт хамаарах, автомат сунгалт асаалттай Хэрэглэгчдэд өөрчлөлт хийгдэх үед имэйлээр мэдэгдэнэ; Хэрэглэгч автомат сунгалтыг хүссэн үедээ унтрааж болно (4.1).
- Үнэ буурах: Үнийн бууралт дараагийн сунгалтад автоматаар үйлчилнэ.
- Худалдаанаас хасагдсан багц: Компани багцыг шинэ Хэрэглэгчдэд санал болгохоо зогсоож болох ч уг багцын одоогийн захиалагчдын багц хэвээр ажиллаж, сунгагдах боломжтой байна.
- Аль хэдийн төлсөн хугацааны үнийг дараа нь өөрчлөхгүй бөгөөд уг хугацааг худалдан авах үед харуулсан нөхцөлөөр зохицуулна.
3.10. Үнэгүй туршилт:
- Компани Платформд зарласан үед өмнө нь ямар ч багц (төлбөртэй, Компанийн олгосон эсвэл туршилтын) аваагүй, имэйл хаягаа баталгаажуулж Хэрэглэгчийн гэрээ байгуулсан Хэрэглэгчид 30 хоногийн үнэгүй туршилтыг нэг удаа санал болгоно. Хэрэглэгч түүнийг хяналтын самбараас өөрөө эхлүүлнэ.
- Туршилт Test багцын боломжоор зөвхөн MT5 демо болон тэмцээний дансаар ажиллана; бодит дансаар арилжаа хийхгүй (3.4).
- Туршилтад карт шаардахгүй, төлбөр авахгүй. Хугацаа дуусахад автоматаар сунгагдахгүй, төлбөр татагдахгүй; дуусахаас 3 хоногийн өмнө имэйлээр сануулна. Дууссаны дараа MG Quant хөдөлгүүр шинэ арилжаа нээхгүй (3.7); үргэлжлүүлэх бол Хэрэглэгч багц сонгож төлнө.
- Туршилтын үеэр багцын төлбөр төлбөл туршилт тэр мөчид дуусч, төлсөн багц тэр даруй эхэлнэ (3.6).
- Нэг хүн олон бүртгэл нээж туршилтыг давтан авахыг хориглоно. Сэжигтэй тохиолдолд Компани 2.1-д заасны дагуу хувийн мэдээллийн баталгаажуулалт шаардах, туршилтыг зогсоох эрхтэй.
- Компани туршилтыг өөрчлөх, зогсоож болох бөгөөд энэ нь аль хэдийн эхэлсэн туршилтад нөлөөлөхгүй.
3.11. Урилгын урамшуулал:
- Энэ заалт Компани урилгын хөтөлбөр явуулж буй хугацаанд (хяналтын самбарт урилгын холбоос харагдах үед) үйлчилнэ. Хэрэглэгчийн гэрээ байгуулсан Хэрэглэгч хяналтын самбараас өөрийн урилгын холбоосыг авна.
- Уг холбоосоор шинээр бүртгүүлсэн хүн (урьсан хүн) анх удаа аль нэг багцын төлбөрөө карт, QPay эсвэл банкны шилжүүлгээр төлөхөд: (а) урьсан хүний багцад 30 хоног нэмнэ, гэхдээ уг төлбөрөөр угтах урамшуулал (3.5) олгогдсон бол түүнийг хасна (нийтдээ 30 хоногоос хэтрэхгүй); (б) урьсан Хэрэглэгчийн идэвхтэй төлбөртэй багцад 30 хоног нэмнэ, гэхдээ нэмэх хоногийн үнэ цэнэ нь урьсан хүний сонгосон багцын нэг сарын үнээс хэтрэхгүй (жишээ нь Advanced багцтай Хэрэглэгч Basic авсан хүн урьвал 6 хоног); идэвхтэй төлбөртэй багцгүй бол урьсан хүний багцыг 30 хоногоор олгоно.
- Нэг Хэрэглэгч 365 хоногт 12-оос илүү урамшуулал авахгүй. Өөрийгөө урих, хуурамч эсвэл давхар бүртгэлээр урамшуулал авахыг хориглоно; зөрчил илэрвэл Компани урамшууллыг цуцлах эрхтэй.
- Урамшуулал нь арилжааны үр дүн, урьсан хүний арилжаа, ашгаас хамаарахгүй, мөнгөөр солигдохгүй, бусдад шилжихгүй. Хэрэглэгч урилга түгээхдээ ашиг, орлого амлах, Компанийн нэрийн өмнөөс мэдэгдэл хийхийг хориглоно.
- Компани хөтөлбөрийг өөрчлөх, зогсоож болох бөгөөд энэ нь аль хэдийн олгосон хоногт нөлөөлөхгүй.
4ЦУЦЛАЛТ, БУЦААН ОЛГОЛТ БА ХААЛТТАЙ ХҮРЭЭНИЙ ШААРДЛАГА
4.1. Цуцлах (автомат сунгалтыг унтраах): Хэрэглэгч хяналтын самбараас автомат сунгалтыг хүссэн үедээ, ямар нэг шимтгэлгүйгээр унтрааж болно; хадгалсан картаа устгах нь мөн автомат сунгалтыг зогсооно. Ингэснээр дараагийн хугацааны төлбөр суутгагдахгүй бөгөөд аль хэдийн төлсөн хугацаа дуустал Үйлчилгээ хэвээр үргэлжилнэ; хугацаа дууссаны дараа MG Quant хөдөлгүүр шинэ арилжаа нээхгүй (3.7). QPay, банкны шилжүүлгээр төлсөн багц дахин төлөөгүй бол хугацааны эцэст өөрөө дуусна. Хэрэглэгч хүссэн үедээ дахин төлбөр төлж багцаа сэргээж болно.
4.2. Эхэлсэн хугацааны төлбөр буцаагдахгүй: Төлбөр орж ирмэгц багц идэвхжиж, эсвэл одоогийн багц сунгагдаж, програм хангамжийг тэр даруй ашиглах боломжтой болдог тул хугацаа нь эхэлсэн багцын төлбөрийг бүхэлд нь болон хэсэгчлэн буцаан олгохгүй. Идэвхтэй багцыг хугацаа дуусахаас өмнө сунгасан төлбөр (автомат сунгалтын суутгал, QPay эсвэл банкны шилжүүлгээр урьдчилан хийсэн төлбөр) нь одоогийн хугацааг тасралтгүй үргэлжлүүлэх тул төлөгдсөн мөчөөс эхэлсэнд тооцно. Автомат сунгалтыг унтраах, програм хангамжийг ашиглахаа зогсоох эсвэл өөр багц руу шилжих нь төлсөн төлбөрийг буцаах үндэслэл болохгүй; дээд багц руу шилжихэд одоогийн хугацааны ашиглаагүй хэсгийг мөнгөөр буцаахгүй бөгөөд 3.6-д заасны дагуу шинэ багцын үнээс хасна. Идэвхтэй багцыг доод багц руу шилжүүлэх боломжгүй (3.6) тул дараагийн хугацаанд доод багц сонгосон нь одоогийн хугацааны төлбөрийг буцаах үндэслэл болохгүй. Энэ заалт нь 4.3-т заасан тохиолдол болон Монгол Улсын хууль тогтоомжоор Хэрэглэгчид олгогдсон, гэрээгээр хязгаарлах боломжгүй эрхийг хөндөхгүй.
4.3. Бидний буцаан олгох төлбөр: Бид дараах төлбөрийг өөрсдийн санаачилгаар эсвэл Хэрэглэгчийн мэдэгдлийн дагуу шалгаж, холбогдох дүнг буцаан олгоно: (а) давхар төлөгдсөн, эсвэл алдаатай суутгагдсан төлбөр (жишээ нь нэг хугацааг хоёр удаа төлсөн, төлөх дүнгээс илүү суутгасан эсвэл шилжүүлсэн); (б) Бид төлбөр төлөгдсөн Үйлчилгээг үзүүлж чадаагүй тохиолдлын төлбөр (жишээ нь төлбөр орсон боловч багцыг идэвхжүүлэх боломжгүй болсон); (в) Монгол Улсын хууль тогтоомжоор буцаан олгохыг шаардсан төлбөр. Хэрэглэгч алдаатай төлбөрийн талаар төлбөрийн огноо, дүн, аргыг дурдан info@mg-quant.tech хаягаар мэдэгдэнэ; картын төлбөрийг карт руу буцаах хугацаа богино (4.4) тул аль болох хурдан мэдэгдэхийг зөвлөж байна. Буцаан олгох дүн нь тухайн төлбөрөөр төлсөн дүнгээс хэтрэхгүй. Буцаан олголтыг Платформоор дамжуулан хүсэх маягт байхгүй бөгөөд буцаан олголтыг манай ажилтан шалгаж гүйцэтгэнэ.
4.4. Буцаан олголтыг хэрхэн шилжүүлэх:
- Картын төлбөр (NEGDI-ийн нөхцөл): Картаар (NEGDI төлбөрийн гарцаар) хийсэн төлбөрийг NEGDI төлбөрийн гарц болон картын байгууллагын техникийн нөхцөлөөр зөвхөн тухайн төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор анх төлсөн тэр карт руу, тухайн төлбөрөөр төлсөн төгрөгийн дүнгээс хэтрүүлэхгүйгээр, шимтгэлгүйгээр буцаана. Картын дансанд орох хугацаа карт гаргагч банкнаас хамаарч 1–5 хоног байна.
- Бусад тохиолдолд: QPay-ээр хийсэн төлбөр, банкны шилжүүлэг, мөн 24 цаг өнгөрсөн картын төлбөрийг банкны шилжүүлгээр буцаана: банкны шилжүүлгээр хийсэн төлбөрийг тухайн шилжүүлэг ирсэн данс руу, бусад тохиолдолд Хэрэглэгчийн KYC-ээр баталгаажсан нэр дээрх банкны данс руу (ийм үед KYC хийлгэхийг хүснэ, 2.1). Банкны данс руу буцаахдаа ХХБ-ны шилжүүлгийн шимтгэлийг (одоогоор ХХБ-ны данс руу 100 ₮, бусад банкны данс руу 300 ₮) буцаах дүнгээс хасаж шилжүүлнэ; харин давхар суутгал, үйлчилгээ үзүүлээгүй зэрэг манай буруугаас үүссэн буцаалтын шимтгэлийг Компани хариуцаж, бүтэн дүнг шилжүүлнэ. Банкны данс руу хийх буцаалтыг буцаалт баталгаажсанаас хойш ихэвчлэн ажлын 3–5 өдөрт шилжүүлнэ.
- Валют: Төлбөрийг төгрөгөөр буцаах тул ханшийн хэлбэлзэл буцаалтын дүнд нөлөөлөхгүй (бүтэн буцаалтад анх төлсөн төгрөгийн дүнг буцаана; банкны данс руу бол шилжүүлгийн шимтгэлийг хасна). 2026 оны 09 дүгээр сарын 29-нөөс өмнө ам.доллараар хийсэн шилжүүлгийн буцаалтыг Бид Хэрэглэгчтэй тохиролцон гараар шийдвэрлэнэ.
4.5. Аль ч захиалгад тооцогдоогүй шилжүүлэг: Манай дансанд орсон боловч аль ч төлбөрийн захиалгад тооцогдоогүй шилжүүлгийг (2.8) ажилтан шалгаж, илгээгч болон захиалгыг тодорхойлох боломжтой бол илгээгчийн захиалгад тооцно; эс бөгөөс манай дансны хуулгад харагдах илгээгчийн данс руу буцаан шилжүүлнэ. Ийм шилжүүлгийг төгрөгөөр буцаахад ХХБ-ны банкны шилжүүлгийн шимтгэлийг (одоогоор ХХБ-ны данс руу 100 ₮, бусад банкны данс руу 300 ₮) буцаах дүнгээс суутгана.
4.6. Хаалттай хүрээний шаардлага (Closed-Loop Policy): Санхүүгийн залилан, төлбөрийг зүй бусаар ашиглахаас сэргийлэх үүднээс буцаан олголтыг зөвхөн (а) анх төлсөн карт руу, (б) мөнгө ирсэн данс руу, эсвэл (в) эзэмшигчийн нэр нь KYC-ээр баталгаажсан Хэрэглэгчийн хууль ёсны нэртэй (full_name) бүрэн тохирсон банкны данс руу шилжүүлнэ; (а), (б)-д KYC шаардлагагүй, (в)-д шаардлагатай (2.1). Гуравдагч этгээдийн данс, өөр карт руу буцаалт хийхгүй.
4.7. Буцаан олгосон ба маргаантай төлбөр: Худалдан авалт хүчингүй болох шаардлагатай тул (жишээ нь давхар захиалга) Бид төлбөрийг буцаан олгосон, эсвэл картын гүйлгээг карт гаргагч банк, NEGDI-ээр дамжуулан цуцалсан, маргаж буцаалгасан (reversal, chargeback) тохиолдолд Бид тухайн төлбөрөөр олгосон багцын хугацааг тэр даруй дуусгавар болгож, автомат сунгалтыг унтрааж болно. Төлбөрийг буцаалгасан, маргаж цуцлуулсан бол Бид KYC хийлгэхийг хүснэ (2.1).
4.8. Бүртгэл хаах: Хэрэглэгч бүртгэлээ хаалгах хүсэлтийг info@mg-quant.tech хаягаар гаргаж болно. Бүртгэл хаахад автомат сунгалт унтарч, хадгалсан картууд NEGDI дээрээс устгагдаж, төлөгдөөгүй банкны шилжүүлгийн захиалгууд цуцлагдана; хугацаа нь эхэлсэн багцын төлбөрийг 4.2-т заасны дагуу буцаан олгохгүй.
5ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ БА ЭРСДЭЛИЙН МЭДЭГДЭЛ
5.1. Санхүүгийн зөвлөгөө биш: MG Quant нь хөрөнгө оруулалтын эсвэл санхүүгийн зөвлөгөө өгөгч биш бөгөөд зөвхөн автомат арилжааны програм хангамжийн дэд бүтцийг нийлүүлэгч юм.
5.2. Зах зээлийн эрсдэл: Платформ зөвхөн алтны (XAU/USD) зах зээлд арилжаа хийдэг бөгөөд криптовалют болон бусад хэрэгслээр арилжаа хийхгүй (1.2). Алтны үнэ өндөр савлагаатай бөгөөд брокерийн олгодог хөшүүрэг (leverage) ашигласан арилжаагаар арилжааны дансны хөрөнгийн зарим буюу бүх хэсгийг богино хугацаанд алдаж болно. Арилжаанаас үүсэх санхүүгийн алдагдлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
5.3. Бодит дансаар арилжаа хийх зөвшөөрөл (Real-Account Opt-In): MG Quant хөдөлгүүр (desktop програм) анхдагч тохиргоогоор туршилтын (Dry-run) горимд ажиллаж, брокерт захиалга илгээхгүй бөгөөд бодит захиалга илгээх горимд ч зөвхөн MT5-ын демо дансанд арилжаа хийнэ. Бодит мөнгөтэй MT5 дансаар арилжаа хийх нь зөвхөн Хэрэглэгч өөрөө хөдөлгүүрийн «Бодит данс зөвшөөрөх» сонголтыг идэвхжүүлж, алдагдлын эрсдэлийн анхааруулгыг хүлээн зөвшөөрсөн (opt-in) тохиолдолд боломжтой. Энэхүү сонголт анхдагчаар идэвхгүй бөгөөд хөдөлгүүрийн дараагийн эхлүүлэлтээс хэрэгжинэ; Хэрэглэгч хөдөлгүүрийг зогсоож, түүнийг хүссэн үедээ унтрааж болно. Бодит захиалга илгээх горимоор эхлүүлэх бүрд хөдөлгүүр арилжаа тутмын эрсдэл, өдрийн алдагдлын хязгаар болон дансны мэдээллийг харуулж, Хэрэглэгчээс баталгаажуулалт авна (Хэрэглэгч автомат эхлүүлэлтийг тусгайлан зөвшөөрсөн бол програм нээгдэх бүрт асуулгүйгээр эхэлнэ). Хөдөлгүүр MT5 терминалыг өөрөө нээж, Хэрэглэгчийн өмнөөс нэвтрэхгүй: зөвхөн Хэрэглэгчийн нээсэн терминалд холбогдож (хэд хэдэн терминал нээлттэй бол Хэрэглэгч аль нэгийг сонгоно), Хэрэглэгчийн програм дотор нэг удаа баталгаажуулсан MT5 дансыг л ашиглана. Автомат эхлүүлэлт зөвхөн баталгаажуулсан дансан дээр ажиллах бөгөөд хөдөлгүүр ажиллаж байхад MT5 дээрх данс солигдвол баталгаажуулсан данс эргэн нэвтрэх эсвэл Хэрэглэгч хөдөлгүүрийг дахин эхлүүлэх хүртэл шинэ арилжаа нээхгүй. MT5 төрлийг нь мэдээлээгүй дансыг бодит данс гэж үзнэ. Бодит дансаар арилжаа хийхэд зөвхөн ам.долларын (USD) валюттай MT5 данс ашиглана. Мөн бодит дансаар арилжаа хийхэд бодит данс хамаардаг идэвхтэй багц (Basic, Pro эсвэл Advanced; 3 дугаар хэсэг) шаардлагатай. Бодит дансаар арилжаа хийх шийдвэр болон түүнээс үүсэх үр дагаврыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
5.4. Төлбөр арилжааны үр дүнгээс хамаарахгүй, ашгийн баталгаагүй: Багцын төлбөр нь зөвхөн програм хангамжийг ашиглах эрхийн төлбөр бөгөөд арилжаа ашигтай эсвэл алдагдалтай гарахаас үл хамаарна. Компани аливаа ашиг, өгөөжийг амлахгүй, баталгаажуулахгүй. Арилжааны хөрөнгө Хэрэглэгчийн өөрийн нэр дээрх брокерийн дансанд хадгалагдах бөгөөд Платформ түүнд хандах, түүнээс мөнгө татах эрхгүй. 3 дугаар хэсэгт заасан тохиолдолд (идэвхтэй багцгүй болох, лотын хязгаар дуусах, дансны хязгаар хэтрэх) болон техникийн шалтгаанаар (жишээ нь холболт тасрах) програм хангамж шинэ арилжаа нээхээ зогсоож болно.
6АЛБАН ЁСНЫ ХАРИЛЦАА ХОЛБОО БА ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ
6.1. Албан ёсны харилцааны суваг: MCGTO Soft Trading LLC-ийн MG Quant системтэй холбоотой бүх албан ёсны захидал харилцаа, санал хүсэлт, эрх зүйн мэдэгдлийг info@mg-quant.tech албан ёсны имэйл болон +976 72120522 лавлах утсаар хүлээн авна.
6.2. Шийдвэрлэх хугацаа: Хэрэглэгчийн албан ёсоор гаргасан санал, хүсэлт, гомдолд ажлын 1–2 өдөрт хариу өгч, ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэхийг хичээнэ.
6.3. Дэмжлэгийн цаг: Даваа – Баасан гарагт 09:00 – 18:00 (Улаанбаатарын цагаар). Алтны зах зээл 24/5 нээлттэй боловч ажлын цагаас гадуур, амралтын өдөр шууд дэмжлэг үзүүлэхгүй; энэ хугацаанд хөдөлгүүр Хэрэглэгчийн компьютер дээр бие даан ажиллаж, нээлттэй позиц бүр брокер дээрх стоп лосс, тейк профитоор хамгаалагдана (7.3). Төлбөр, нэвтрэлтийн яаралтай асуудлыг имэйлийн гарчигт «ЯАРАЛТАЙ» гэж бичнэ үү.
6.4. Албан ёсны суваг, залилангаас сэргийлэх: Компанийн албан ёсны суваг нь https://www.mg-quant.tech ба түүний дэд домэйнууд (download.mg-quant.tech зэрэг), @mg-quant.tech домэйнтой имэйл хаяг, дээрх утас, мөн Платформ дээр нийтэлсэн дэмжлэгийн суваг юм; бусад хаяг, бүлэг, хувийн данснаас ирсэн мэдээлэл Компанийн мэдэгдэл биш. Компани Хэрэглэгчээс Платформын нууц үг, хөдөлгүүрийн түлхүүр, брокерийн нэвтрэх мэдээлэл, картын бүтэн дугаар, CVV код, нэг удаагийн кодыг имэйл, утас, чатаар хэзээ ч асуухгүй; Компанийн нэрийн өмнөөс мөнгө шилжүүлэх, тодорхой брокерт хөрөнгө байршуулахыг шаардахгүй. Програм хангамжийг зөвхөн download.mg-quant.tech хаягаас татаж авна; өөр эх сурвалжаас татсан програм Компанийнх биш бөгөөд түүнээс үүссэн хохирлыг Компани хариуцахгүй. Ийм хүсэлт, хуурамч хуудас, програм илэрвэл info@mg-quant.tech хаягаар мэдэгдэнэ үү.
7ЛИЦЕНЗ, ХАРИУЦЛАГА, НӨХЦӨЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БА МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
7.1. Програм хангамжийн лиценз (EULA): Төлсөн хугацаанд Компани Хэрэглэгчид MG Quant хөдөлгүүр болон хяналтын самбарыг өөрийн нэр дээрх брокерийн данс(ууд)даа, багцын хязгаарын хүрээнд ашиглах онцгой бус, бусдад шилжүүлэх эрхгүй, хувийн лиценз олгоно. Програм хангамж, алгоритм, эх код, брэнд нь Компанийн оюуны өмч хэвээр үлдэнэ. Хэрэглэгч (а) програмыг хуулбарлах, задлах, урвуу инженерчлэл хийх, өөрчлөх; (б) лиценз, хөдөлгүүрийн түлхүүрийг бусдад ашиглуулах, худалдах, түрээслэх; (в) бусдын дансыг төлбөртэйгээр удирдах, бусдад арилжааны үйлчилгээ үзүүлэх, арилжааны дохио, копи арилжаа, олон дансны (MAM/PAMM) удирдлагын үйлчилгээ болгон санал болгох, Үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн үйлчилгээ мэт танилцуулахад ашиглах; (г) багцын хязгаар, лицензийн шалгалт, аюулгүй байдлын хамгаалалтыг тойрч гарах; (д) хууль бус зорилгоор ашиглахыг хориглоно. Зөрчил илэрвэл Компани лицензийг цуцалж болно.
7.2. Програм хангамжийн мөн чанар, арилжааны шийдвэр: Арилжааны дүрмийг (орох цэг, стоп лосс, тейк профит, лотын хэмжээ) хөдөлгүүр Хэрэглэгчийн өөрийн компьютер дээр тооцоолж, Хэрэглэгчийн MetaTrader 5 терминалаар брокерт захиалга илгээнэ. Платформын сервер хөдөлгүүрт зөвхөн зах зээлийн үнийн мэдээлэл (лаа, тик) болон лицензийн баталгаажуулалтыг дамжуулдаг бөгөөд арилжааны дохио, зөвлөгөө илгээдэггүй, Хэрэглэгчийн дансыг удирддаггүй, дансны нууц үгийг авдаггүй. Хөдөлгүүр Платформд зөвхөн Хэрэглэгчийн гэрээний 2.5-д заасан техникийн мэдээллийг (хувилбар; MT5 дансны дугаар, сервер, горим, валют; нээсэн, хаасан позицын мэдээлэл) илгээх бөгөөд брокерийн нууц үг, дансны үлдэгдэл илгээхгүй. Хөдөлгүүр бүх Хэрэглэгчид ижил дүрмээр ажиллах бөгөөд Хэрэглэгчийн хувийн нөхцөл байдалд тохируулсан зөвлөмж биш. Хэрэглэгч эрсдэлийн тохиргоог (арилжаа тутмын эрсдэл, өдрийн алдагдлын хязгаар) өөрөө сонгож, хөдөлгүүрийг хүссэн үедээ зогсоож болно. Компани санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө, итгэмжлэн удирдах, арилжааны дохионы үйлчилгээ үзүүлэхгүй.
7.3. Зах зээлийн үнийн мэдээлэл: Үнийн мэдээллийг Компанийн серверт суусан MetaTrader 5 терминалаас (одоогоор IC Markets-ийн XAUUSD үнэ) авч дамжуулна. Энэ үнэ Хэрэглэгчийн брокерийн үнээс спрэд, хоцрогдол, үнэ нийлүүлэгчийн ялгаагаар зөрж болно. Шинэ арилжаа нээхийн өмнө хөдөлгүүр серверийн тухайн үеийн үнийг Хэрэглэгчийн брокерийн үнэтэй тулгаж, зөрүү 0.05%-иас (доод тал нь 1.00) их, эсвэл серверийн үнийг шалгаж чадаагүй бол арилжаа нээхгүй. Захиалга бүр стоп лосс, тейк профитоо брокер дээр тавьдаг тул сервер, компьютер эсвэл интернэт тасарсан ч позиц брокер дээр хамгаалагдана; нээлттэй позицыг брокерийн үнээр удирдана. Компани үнийн мэдээллийн тасралтгүй, алдаагүй байдлыг баталгаажуулахгүй.
7.4. Үйлчилгээг «байгаа байдлаар» олгох: Үйлчилгээг «байгаа байдлаар» (as is) олгоно. Компани програм хангамжийг ашигтай, тасралтгүй, алдаагүй ажиллана эсвэл тодорхой үр дүн өгнө гэж баталгаа гаргахгүй. Бодит данс ашиглахаас өмнө демо данс дээр туршихыг зөвлөж байна.
7.5. Хариуцлагын хязгаар: Хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд энэхүү Нөхцөлөөс үүсэх Компанийн нийт хариуцлага нь нэхэмжлэл үүссэн өдрөөс өмнөх 12 сард Хэрэглэгчийн Компанид төлсөн багцын төлбөрийн нийт дүнгээр хязгаарлагдана. Компани арилжааны алдагдал, олох байсан ашиг, шууд бус болон дагалдах хохирол, мөн брокер болон бусад гуравдагч этгээдийн үйлдлээс үүссэн хохирлыг хариуцахгүй. Энэ хязгаарлалт нь Компанийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэл, хувийн мэдээлэл хамгаалах үүргийн зөрчил, хүний амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирол, хуулиар хязгаарлах боломжгүй хариуцлага болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгосон эрхэд хамаарахгүй.
7.6. Давагдашгүй хүчин зүйл, гуравдагч этгээдийн тасалдал: Байгалийн гамшиг, дайн, төрийн байгууллагын шийдвэр, эрчим хүч, интернэтийн нийтийн тасалдал болон Компанийн хяналтаас гадуурх гуравдагч этгээдийн (брокер, MetaTrader 5, NEGDI, банк, Google, Vercel, Cloudflare, Sumsub, ДАН) үйлчилгээний доголдлын улмаас үүргээ биелүүлж чадаагүйд талууд хариуцлага хүлээхгүй. Компани ийм тасалдлыг аль болох хурдан арилгаж, Хэрэглэгчид мэдэгдэнэ. Компанийн өөрийн системийн доголдлоор Үйлчилгээ 24 цагаас дээш тасралтгүй зогссон бол Хэрэглэгчийн хүсэлтээр багцын хугацааг зогссон хоногоор сунгана. Давагдашгүй хүчин зүйл 30 хоногоос дээш үргэлжилбэл аль ч тал гэрээг цуцалж болох бөгөөд ашиглаагүй хугацааны төлбөрийг хоногоор хувь тэнцүүлэн буцаана (Хэрэглэгчийн гэрээний 9.5, 11.2).
7.7. Брокер ба түүний эрсдэл: MG Quant нь брокер биш бөгөөд брокер санал болгодоггүй; Хэрэглэгч брокерийг өөрөө сонгож, түүнтэй гэрээ байгуулна. Олон гадаад брокер Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад байдаггүй тул Монгол Улсын зохицуулагчийн хамгаалалт, гомдол шийдвэрлэх механизм, харилцагчийн хөрөнгийн баталгаа хамаарахгүй байж болно. Хэрэглэгч брокерийн тусгай зөвшөөрөл, харьяалал, хөрөнгийн тусгаарлалтыг өөрөө шалгана. Брокерийн тэмцээн болон зарим prop-firm-ийн дүрэм автомат арилжааг хориглож болох тул Хэрэглэгч тухайн дүрмийг өөрөө шалгана.
7.8. Данс, түлхүүрийн аюулгүй байдал: Хэрэглэгч Платформын нууц үг, хөдөлгүүрийн түлхүүр (secure key), MetaTrader 5 болон брокерийн нэвтрэх мэдээллээ нууцлах, бусдад ашиглуулахгүй байх үүрэгтэй. Түлхүүрээр хийгдсэн үйлдлийг Хэрэглэгч хийсэнд тооцно. Түлхүүр алдагдсан гэж сэжиглэвэл хяналтын самбараас шинэ түлхүүр үүсгэж (хуучин түлхүүр тэр даруй хүчингүй болно), Бидэнд мэдэгдэнэ. Хэрэглэгчийн буруугаас алдагдсан нэвтрэх мэдээллээс үүссэн хохиролд Компани хариуцлага хүлээхгүй.
7.9. Хориглосон улс: Үйлчилгээг НҮБ, АНУ эсвэл Европын холбооны иж бүрэн хориг арга хэмжээтэй улс (одоогоор Куба, Иран, Хойд Солонгос, Сири) болон ОХУ, Беларусийн оршин суугчид үзүүлэхгүй бөгөөд эдгээр улсаас хандсан гэрээ, төлбөрийг хүлээн авахгүй. Хэрэглэгч хориг арга хэмжээний жагсаалтад ороогүй, энэ хязгаарлалтыг тойрох зорилгоор VPN зэрэг хэрэгсэл ашиглахгүй гэдгээ баталгаажуулна. Зөрчил илэрвэл Компани бүртгэлийг хааж болно.
7.10. Татвар: Нийтэлсэн үнэ нь Хэрэглэгчийн төлөх эцсийн үнэ бөгөөд хуульд заасан татварыг (Компани НӨАТ суутган төлөгч бол НӨАТ-ыг) багтаасан. Компани НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдсэн үеэс төлбөр бүрд И-баримт олгоно. Арилжаанаас олсон орлогын албан татварыг Хэрэглэгч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу өөрөө тайлагнаж, төлнө; Компани энэ татварыг суутгадаггүй.
7.11. Нөхцөлийн өөрчлөлт: Компани энэхүү Нөхцөлийг өөрчилж болно. Хэрэглэгчид сөрөг нөлөөтэй чухал өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос дор хаяж 30 хоногийн өмнө имэйлээр болон Платформоор мэдэгдэнэ (хуулиар шаардсан эсвэл аюулгүй байдлын яаралтай өөрчлөлтөөс бусад). Шинэ хувилбарыг зөвшөөртөл шинэ багц худалдан авах боломжгүй бөгөөд аль хэдийн төлсөн хугацаа үргэлжилнэ. Мэдэгдэлд өөрчлөлтийн товч агуулгыг тусгана. Хэрэглэгч шинэ хувилбарыг зөвшөөрөхгүй бол автомат сунгалтаа унтрааж, бүртгэлээ хаалгаж болно; Хэрэглэгчид сөрөг нөлөөтэй чухал өөрчлөлтийн улмаас өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө цуцалбал сарын, 90 хоногийн болон жилийн багцын ашиглаагүй хугацааны төлбөрийг хоногоор хувь тэнцүүлэн буцаана. Хэрэглэгчид хуулиар олгосон эрхийг дордуулсан өөрчлөлт хүчин төгөлдөр бус (Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11.2). Хувилбар бүрийн огноо, өөрчлөлтийн товч агуулгыг энэ хуудасны «Хувилбарын түүх» хэсэгт нийтэлнэ; Хэрэглэгчийн байгуулсан хувилбарын эх бичвэр хяналтын самбарт хэвээр хадгалагдана.
7.12. Хэрэглэх хууль, маргаан шийдвэрлэх: Энэхүү Нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ. Гомдлыг info@mg-quant.tech хаягаар хүлээн авч, хүлээн авснаа ажлын 1–2 өдөрт мэдэгдэж, ажлын 10 өдрийн дотор бичгээр хариу өгнө; шийдвэрлэгдээгүй маргааныг талууд 30 хоногийн дотор хэлэлцээрээр шийдвэрлэхийг хичээж, үүний дараа Монгол Улсын харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ. Хэрэглэгчийн маргааныг арбитрт албадан шилжүүлэхгүй. Хэрэглэгч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй. Хэрэглэгчийн оршин суугаа улсын хуулиар олгогдсон, гэрээгээр хасах боломжгүй эрх хэвээр үлдэнэ.
7.13. Хэл, гэрээний бүрэн бүтэн байдал: Энэхүү Нөхцөл монгол, англи хэлээр байх бөгөөд утга зөрвөл монгол хувилбарыг баримтална. Аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчинд нөлөөлөхгүй. Хэрэглэгчийн гэрээ, түүний салшгүй хэсэг болох энэхүү Нөхцөл болон Цуцлалт ба буцаан олголтын бодлого нь талуудын хоорондын бүрэн тохиролцоо бөгөөд хувийн мэдээллийг Нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
7.14. Мэдээллийн аюулгүй байдал, зөрчлийн мэдэгдэл: Компани мэдээллийн аюулгүй байдлын дотоод журам, зөрчилд хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг баримталж, дамжуулалтад шифрлэлт (TLS), хандалтын хяналт, үйлдлийн бүртгэл хөтөлнө (Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17.1, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 20.1). Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандсан, алдагдсан зөрчил илэрч түүний эрх, ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бол Компани 72 цагийн дотор зөрчлийн агуулга, болзошгүй үр дагавар, авсан арга хэмжээг имэйлээр мэдэгдэж, хуульд заасан байгууллагад мэдээлнэ (мөн хуулийн 22.2–22.3). Талууд гэрээний хүрээнд мэдсэн нөгөө талын нууц мэдээллийг задруулахгүй.
Хувилбарын түүх
Хэрэглэгчийн гэрээ, Үйлчилгээний нөхцөл, Цуцлалт ба буцаан олголтын бодлогын хувилбар бүр ба өөрчлөлтийн товч агуулга. Таны байгуулсан хувилбарын эх бичвэр хяналтын самбарт хэвээр хадгалагдана.
| Хувилбар | Хүчин төгөлдөр | Өөрчлөлт |
|---|---|---|
| 2026-10-07(одоогийн) | 2026 оны 10 дугаар сарын 7 | Хэрэглэгчийн гэрээ: 90 хоногийн багц (1.5, 3.1), 90 хоногийн багцын автомат сунгалтыг 7 хоногийн өмнө мэдэгдэх (3.4), үнэгүй туршилт ба урамшууллын хоног (3.9, 4.2). Нөхцөл: 90 хоногийн үнэ сарын үнийн 2.5 дахин (3.2), урт төлбөрийн хугацаа руу ахиулах ба богино руу зөвхөн дараагийн хугацаанаас (3.6), 30 хоногийн үнэгүй демо туршилт (3.10), урилгын урамшуулал — Компани хөтөлбөрөө зарласан үед (3.11), «VPS тохируулах» үйлчилгээ эхний төлбөртэй сард үнэгүй (3.2). Буцаан олголтын бодлого: үнэгүй туршилт, урамшууллын хоногт буцаалт хамаарахгүй. Нууцлалын бодлого 1.5: зочдын нэгтгэсэн тоо, урилгын хөтөлбөр, албан ёсны Facebook хуудас ба YouTube суваг. |
| 2026-10-05 | 2026 оны 10 дугаар сарын 5 | Нөхцөл 2.1: Apple-ээр нэвтэрсэн бүртгэлийн имэйл (Apple-ийн «Hide My Email» дамжуулах хаягийг оруулаад) Google-ийнх шиг баталгаажсанд тооцогдоно. Нууцлалын бодлого 1.4: Android, iOS-ийн гар утасны апп, Apple-ээр нэвтрэх, вэб болон аппаас бүртгэл устгах хүсэлт гаргах (/account-deletion). Хэрэглэгчийн гэрээ болон Буцаан олголтын бодлогын агуулга өөрчлөгдөөгүй. |
| 2026-10-02 | 2026 оны 10 дугаар сарын 2 | Хэрэглэгчийн гэрээ: хувилбарын түүх (1.10); хөдөлгүүрээс Платформд илгээх мэдээллийн жагсаалт (2.5) ба албан ёсны татах хаяг (2.6); Компани санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй этгээд биш гэдгийг хуулийн заалтаар тодруулсан (2.3); эрт сунгалт хоног алдуулахгүй (3.8); мэдээллийн аюулгүй байдал ба зөрчлийг 72 цагийн дотор мэдэгдэх үүрэг (5.1(з)); арилжааны алдагдал буцаалтын үндэслэл биш (7.7); засах боломжтой зөрчилд 7 хоногийн хугацаа, хязгаарлалтын шатлал (11.3, 11.6); албан ёсны суваг, залилангаас сэргийлэх (12.3); чухал өөрчлөлт, давагдашгүй хүчин зүйл, эрх шилжүүлэлтийн улмаас цуцлахад сарын багцад ч ашиглаагүй хоногийн төлбөрийг буцаах (9.5, 10.3, 14.3). Нөхцөл: 1.1 хэрэглэгчийн тодорхойлолт, 6.4 албан ёсны суваг, 7.14 аюулгүй байдал. Буцаан олголтын бодлого: хуулиар заавал буцаах тохиолдлууд, доголдлын засварын хугацаа, шийдвэрийн хугацаа, гомдол гаргах байгууллага. Нууцлалын бодлого 1.3. |
| 2026-10-01 | 2026 оны 10 дугаар сарын 1 | Дугаартай Хэрэглэгчийн гэрээг нэвтрүүлсэн: имэйл хаягаа баталгаажуулсны дараа /agreement хуудсанд овог нэрээ бичиж байгуулна; Үйлчилгээний нөхцөл (Хавсралт 1), Цуцлалт ба буцаан олголтын бодлого (Хавсралт 2) нь гэрээний салшгүй хэсэг болсон; хувийн мэдээлэл боловсруулах, гадаад улсад дамжуулах зөвшөөрөл болон насны мэдэгдлийг бүртгүүлэх үед тус тусад нь өгдөг болсон. |
| 2026-09-30 | 2026 оны 9 дүгээр сарын 30 | Нөхцөлийн 7 дугаар хэсэг (лиценз, хариуцлага, нөхцөлийн өөрчлөлт, хэрэглэх хууль); Test багцын үнэ сард 17,900 ₮; идэвхтэй багцыг зөвхөн томруулах, ахиулахад зөвхөн зөрүүг төлөх, доод багц дараагийн хугацаанаас (3.6); зөвшөөрлийг дөрвөн тусдаа тэмдэглэгээгээр авдаг болсон (хувилбар 2026-09-30-legal: хуулийн хяналтын засварууд). |
| 2026-09-28-sub | 2026 оны 9 дүгээр сарын 28 | Тогтмол үнэтэй сарын, жилийн багцыг шууд төлдөг болсон; урьдчилсан төлбөрийн үлдэгдэл болон арилжааны ашгаас тооцдог шимтгэлийг зогсоосон; бүх төлбөр, буцаалт зөвхөн төгрөгөөр; картын автомат сунгалт зөвхөн зөвшөөрлөөр. |